Клайв Льюис гэж хэн бэ? "Нарнийн он дарааллын түүх" хэмээх ид шидийн гайхамшигт адал явдал бүхий долоон цуврал номыг Английн зохиолч К.С.Льюис 1949-1954 онд бичжээ. Тэр цагаас хойш энэ зохиол дэлхийн 50 гаруй хэлээр орчуулагдан, 100 сая давсан хувиар хэвлэгдсэн байна. Мөн радиогийн болон дэлгэцийн жүжиг, олон ангит кино ч гарчээ. Жирийн дунд сургуулийн дөрвөн хүүхэд хуучин хувцасны шүүгээ рүү нуугдахаар ордог. Гэвч тэр хувцасны шүүгээ өөр ертөнц рүү нэвтрэх шидэт хаалга байжээ. Дөрвөн хүүхэд Ийнхүү домгийн араатнууд, хүний хэлээр ярьдаг амьтад, ид шидтэнүүдийн Нарни хэмээх ер бусын оронд очиж, тэндхийн амьдралыг өөрчилсөн түүхэн үйл явдлын гол баатрууд болно. К.С.Льюис зохиолдоо уламжлалт Загалмайн шашны сэдвээс гадна Перс, Грек, Ром зэрэг өрнө дахины домгууд, Их Британи, Ирландын ардын аман зохиолын маш олон дур, дүрслэл, уран санааг өргөнөөр ашиглажээ. Утга зохиол судлаачид энэ цуврал зохиолыг Ж.Толкейний алдарт "Хоббит"", "Бөгжний эзэн", "Силмарилион" цувралын хамтаар ХХ зууны дэлхийн хүүхдийн уран сэтгэмжит сонгодог зохиолын охь манлай гэж үздэг. Дэлхийн II дайнаас хойших сонгодог уран зохиол, ялангуяа хүүхдийн уран сэтгэмжит уран зохиолын хөгжилд энэхүү зохиол үлэмжхэн нөлөө үзүүлжээ. Харри Поттерийн алдартай цувралууд ч энэ зохиолын нөлөөгөөр бичигдсэн байна."Нарнийн он дарааллын түүх" цуврал нь: "Шидтэний зээ дүү", "Арслан, цагаан шулам, хувцасны шүүгээ", "Үүрээр аялагч хөлгөөр", "Мөнгөн сандал", "Ханхүү Каспиан Нарнид эргэж ирсэн нь", "Морь, хүү хоёр", "Сүүлчийн тулаан" гэсэн долоон боть юм. Эдгээр нь тус бүрдээ бие даасан үйл явдалтай боловч Нарни хийгээд гол баатар болох дунд сургуулийн жаалуудаар холбогддог. К.С. Льюис нь зохиолч төдийгүй яруу найрагч, эрдэмтэн профессор, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэгч, багш, загалмайн шашны суртахуунч зэрэг маш олон талтай хүн юм. Өндөр боловсрол эзэмшсэн тэрээр зохиол бүтээлийн зэрэгцээ алдарт Оксфорд, Кембрижийн сургуулиудад зэрэг зэрэг ажиллаж, эрдэм судлалын ажилд шамдаж байв. Алдарт "Бөгжний эзэн" цувралын зохиогч Ж.Толкейнтэй дотно нөхөрлөж, уран бүтээлийн төдийгүй эрдэм судлалын салбарт ч хамтран зүтгэж явжээ. Түүний бүтээлүүд: "Сансрын гурвал", "Мөргөлчдийн регресс", "Нарнийн он дарааллын түүх", "Переландра", "Тэр аймшигтай хүч чадал", "Агуу салалт", "Дөрвөн хайр" зэрэг номуудыг бичжээ.